Нөхөн сэргээлт
  1. Байгаль орчны менежментийн төлөвлөгөө

“Монголросцветмет” ТӨҮГ нь 2022 онд Хэнтий аймгийн Бор-Өндөр, Дархан, Дорноговь аймгийн Иххэт, Дундговь аймгийн Баянжаргалан, Төв аймгийн Заамар, Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн дагуу Байгаль орчны менежментийн төлөвлөгөө /БОМТ/-г төсөл тус бүрт боловсруулан, батлуулж ажилласан.

Тухайн жилийн БОМТ-ний дагуу Хэнтий аймгийн Бор-Өндөр, Дархан сум, Дорноговь аймгийн Баянжаргалан сум, Дорноговь аймгийн Иххэт сумын нутагт биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах хүрээнд мод тарих, Төв аймгийн Заамар суманд 4.4 га талбайд техникийн, 7.58 га талбайд биологийн, Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт 8.0 га талбайд техникийн, 17.5 га талбайд биологийн нөхөн сэргээлт тус тус хийж, орон нутагт хүлээлгэн өгсөн. Тухайн жилийн менежментийн тайлангийн дундаж оноо 95 буюу амжилттай сайн үнэлгээтэй ажиллаж байна.

  1. Байгаль орчныг нөхөн сэргээх сан

Өөрийн ашиглалт явуулсан боловч нөхөн сэргээгдээгүй үлдсэн талбайнуудад нөхөн сэргээлт хийж, үйл ажиллагаанаас байгаль, хүрээлэн буй орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор 2018 онд Байгаль орчныг нөхөн сэргээх сан байгуулсан.

Байгаль орчныг нөхөн сэргээх сангийн хөрөнгөөр 2020-2021 онд Төв аймгийн Заамар сумын нутагт орших MV-004878, MV-000175  тусгай зөвшөөрөлтэй талбай, Дорноговь аймгийн Иххэт сумын нутагт орших MV-000160 тусгай зөвшөөрөлтэй талбайд нөхөн сэргээлт хийж, орон нутагт хүлээлгэн өгсөн.

Мөн орон нутаг, БОАЖЯ-наас өгсөн чиглэл болон “Нөхөн сэргээлт-2024” хөтөлбөрийн хүрээнд Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн дүйцүүлэн хамгааллын чиглэлээр өөрийн 1974-1999 онд үйл ажиллагаа явуулж байсан Бэрхийн уурхайн уулын цехийн ил гадаргын 22.8 га талбайд техникийн нөхөн сэргээлт, Төв аймгийн Заамар, Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт эзэнгүй орхигдож эвдэрсэн нийт 30.0 га талбайд техникийн нөхөн сэргээлтийн ажлыг 2021-2022 онд хийж гүйцэтгэн, орон нутагт хүлээлгэн өгөөд байна.

Мөн дүйцүүлэн хамгааллын хүрээнд “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрийн дэргэд ногоон байгууламж байгуулах, “Шижир-Алт” алтны үйлдвэрийн нөхөн сэргээлтийг нэмэгдүүлэх арга хэмжээ авсан. Үүний үр дүнд “Бор-Өндөр” УБҮ-ийн дэргэд 2018-2022 оны хугацаанд 22.9 мянган ширхэг мод бүхий хашаа, усалгааны системийг бүрэн шийдсэн ногоон байгууламж байгуулагдсан бол “Шижир-Алт” АҮ-ийн ашиглалт явуулсан 3 талбайн хэмжээнд 139.7 га талбайд техникийн, 102.1 га талбайд биологийн, Дорноговь аймгийн Иххэт сумын нутагт орших “Баруун баргын овоо” ордын 4.2 га талбайд биологийн нөхөн сэргээлтийн ажил тус тус хийгдсэн.