Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжих хүрээнд тус үйлдвэрийн газар нь 2030 оныг дуустал 2.0 сая мод тарихаар батламжид гарын үсэг зурж, амлалт өгсөн. Уг амлалтыг хэрэгжүүлэх хүрээнд өөрийн эзэмшлийн тусгай зөвшөөрөлтэй талбай, уурхай, үйлдвэрүүд орших аймаг, сумдтай хамтран ажиллах гэрээний үндсэн дээр мод тарих ажлыг доорх ерөнхий 2 чиглэлээр зохион байгуулж байна. Тухайлбал:
1. Модны суулгац бэлтгэх зориулалт бүхий хүлэмж, мод үржүүлгийн газар байгуулах,
2. Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, Хэнтий, Дорноговь, Дундговь, Төв, Булган, Увс аймгуудтай мод тарих чиглэлээр хамтран ажиллах.
Дээрх ерөнхий төлөвлөлтийн дагуу дараагийн жилүүдэд тарих модны суулгацыг бэлтгэхээр Хэнтий аймгийн Бор-Өндөр, Батширээт сумдад хүлэмж, усалгааны систем бүхий мод үржүүлгийн газар байгуулахаар төлөвлөсөн.
Одоогоор “Бор-Өндөр” УБҮ-ийн дэргэд байгуулсан хүлэмжид навчит модны 15.0 мянга, шилмүүст модны 160.0 мянга орчим тарьц бойжиж байна. Мөн уулын баяжуулах үйлдвэрийн гаднах талбайд улиас, бургасны 1500 гаруй харандаан болон үрийн тарьцууд ургуулж байна. Бойжуулалтын талбай дахь модны тарьцуудыг 2 нас хүрмэгц Баянзүрх уул болон дээр дурдсан 5 аймгийн нутагт шилжүүлэн тариалахаар төлөвлөж, Санамж бичиг, Хамтран ажиллах гэрээ зэргийг байгуулсан. Батширээт сумын нутагт үржүүлгийн газар байгуулахаар байршлыг сонгох, талбайг бэлтгэх зэрэг бэлтгэл ажлууд хийгдэж байна. Тарьц, суулгац бэлтгэхэд шаардагдах шилмүүст модны үрийн нөөцийг Хэнтий аймгийн Дадал сумын нутагт орших Хилийн цэргийн ангитай хамтран ажиллах гэрээ байгуулан боргоцой түүлгэж, Биндэр сумын нутагт орших “Боргоцой” цехэд үрийг боловсруулах замаар шийдвэрлэсэн бол навчит модны үрийг ажилчид модноос түүж цуглуулж байна.
Түүнчлэн манай үйлдвэрийн газар нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх, мөн нийгмийн хариуцлагаа сайжруулах зорилгоор Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт орших Баянзүрх уулын Хар усан тохой нэрт газарт ойн нөхөн сэргээлт хийх чиглэлээр мод тарих үйл ажиллагаа явуулдаг “Дэлхийн цэцэрлэгт хүрээлэн Монголд” ТББ, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-тай хамтран мод тарих ажлыг зохион байгуулсан. Тус ажлын үр дүнд Баянзүрх ууланд 3.5 мянган нарс, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд 1.0 мянган чимэглэлийн мод таригдсан.
Мөн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд олон нийтийг хамруулах зорилгоор “Бор-Өндөр” УБҮ-н уурхайчид болон тэдний гэр бүлд чиглэсэн “Ногоон уурхай” хөтөлбөр, ЕБС, цэцэрлэгийн багш, сурагчид болон сонирхсон иргэд аж ахуйн нэгж байгууллагынханд чиглэсэн “Хүүхдийн ногоон төгөл” хөтөлбөрийг Хэнтий аймагт тус тус хэрэгжүүлж байна. Дээр дурдсан 2 хөтөлбөрт хүүхэд багачууд, уурхайчдад модыг үрээр ургуулах, тарих аргыг заахаас гадна экологийн боловсрол олгох, хог хаягдлыг ангилах мэдлэг олгох сургалтуудыг мөн багтаасан. Түүнчлэн, Төв аймгийн Заамар суманд орших “Шижир-Алт” АҮ нь “Ногоон Өгөөмөр” хөтөлбөрийн хүрээнд Өгөөмөр тосгонд орших айл өрхүүдийг мод тарих ажилд оролцуулан, экологийн боловсрол олгох арга хэмжээг багийн Засаг даргатай хамтран зохион байгуулсан.
Үндэсний хөдөлгөөний хүрээнд “Монголросцветмет” ТӨҮГ нь 2022 оны байдлаар нийт 107.0 мянган модыг Баянзүрх дүүрэг, Хэнтий, Дорноговь, Дундговь, Төв, Булган аймгуудын нутагт тариалаад байна.
Цаашид “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хийгдэх ажлуудыг үе шаттайгаар төлөвлөж байгаа бөгөөд мод тарих бэлтгэл хангах, үр суулгацын нөөц бүрдүүлэх чиглэлээр 2024 оныг хүртэл, тарьц суулгацыг шилжүүлэн суулгах ажлыг 2025 оноос эхлэн хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.