Танилцуулга Түүхэн хөгжил Шагнал Байгууллагын бүтэц Үнэт зүйл, Хэтийн бодлого
Танилцуулга

“Монголросцветмет” Төрийн өмчит үйлдвэрийн газар нь БНМАУ, ЗСБНХУ-ын (хуучин нэрээр) Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 1973 онд Монгол-Оросын хамтарсан “Монголросцветмет” нэгдэл нэртэйгээр Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хайлуур жонш, үнэт металл болон бусад төрлийн ашигт малтмалыг олборлон баяжуулах, эрдэс түүхий эдийн нөөцийг өсгөх, улсын экспортын чадавхийг нэмэгдүүлэх зорилготойгоор байгуулагдан эдүгээ 50 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа Монгол Улсын анхны гадаадын хөрөнгө оруулалттай томоохон аж ахуйн нэгж юм.

Хамтарсан нэгдэл 2007 оноос хязгаарлагдмал хариуцлагатай компани, 2019 оноос Төрийн өмчит үйлдвэрийн газар болж өөрчлөгдөн үйл ажиллагаа явуулж байна.

1973 оноос 2016 он хүртэл Үйлдвэрийн газрын Дүрмийн сангийн 51% Монгол Улсын, 49% нь ОХУ-ын өмчлөлд байсан бөгөөд 2016 оноос Монгол Улсын 100% төрийн өмчийн эзэмшилд шилжсэн.

Үйлдвэрийн газар нь:

            - Хайлуур жоншны хүдэр олборлолт, баяжуулалт;

            - Төмрийн хүдрийн олборлолт, баяжуулалт;

            - Алт олборлолт, баяжуулалт;

            - Хайрга, дайрга, элс үйлдвэрлэл,

            - Геологи хайгуулын ажлын чиглэлээр тус тус үйл ажиллагаагаа явуулан, жилд 550-600 мянган тонн хайлуур жоншны хүдэр, 2.4 сая тонн төмрийн хүдэр олборлон, 320-400 мянган тонн төмрийн хүдрийн баяжмал боловсруулж, 110-120 мянган тонн жоншны баяжмал үйлдвэрлэн, 2.0 сая тонн алт агуулсан элс угааж нийт 1550 гаруй хүнийг ажлын байраар тогтмол ханган ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар үйлдвэрийн газар нь Улаанбаатар хот дахь Захиргаа, Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд орших “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэр, Төв аймгийн Заамар сумын нутагт орших “Шижир алт” алтны үйлдвэр гэсэн бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна.

“Бор-Өндөр”-ийн уулын баяжуулах үйлдвэр нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын хөдөлмөрийн насны иргэдийн 20 гаруй хувь, “Шижир алт” алтны үйлдвэр нь Төв аймгийн Заамар сумын Хайлааст баг, Өгөөмөр тосгоны хөдөлмөрийн насны иргэдийн 34 хувийг ажлын байраар хангаж ажилладаг.

“Монголросцветмет” ТӨҮГ байгуулагдсан цагаасаа өнөөдрийг хүртэл өөрийн ажиллагсад болон орон нутгийн ард иргэдийн мэдлэг, мэргэжил, ур чадварыг дээшлүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж, мэргэжлийн өндөр ур чадвартай олон зуун үндэсний боловсон хүчнийг бэлтгэн гаргасаар ирсэн билээ. Түүнчлэн ажиллагсдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд онцгой анхааран ажиллаж байна. Тухайлбал нийгмийн дэд бүтцийг бий болгох, түүний дотор тохилог орон сууц, сургууль цэцэрлэг, нийгэм соёл, спорт, ахуйн үйлчилгээний зориулалттай иж бүрэн барилга байгууламжид нийт хөрөнгө оруулалтынхаа 40 орчим хувийг зориулж бүтээн байгуулалт хийснээрээ онцлогтой юм. Үүний үр дүнд үйлдвэрийн газрын харьяа үйлдвэрүүдийг түшиглэн байгуулагдсан хот, суурин газруудад 15 мянга гаруй хүн амьдардаг. Үйлдвэрийн газрын нийт ажиллагсдын 60 гаруй хувь нь орчин үеийн тохилог орон сууцанд амьдарч ажиллаж байгаа ба оршин буй сум орон нутгийн төсвийн байгууллагын ажиллагсдыг мөн орон сууцаар хангадаг.

Үйлдвэрийн газар нь цаашид үйл ажиллагаандаа олон улсын стандартыг нэвтрүүлсэн, компанийн засаглалыг хөгжүүлсэн, Монгол Улсын хөгжилд оруулах хувь нэмрээ бататгасан, Монгол Улсад төдийгүй Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн компани болох зорилт тавин ажиллаж байна.