“Монголросцветмет” ТӨҮГ нь Олон Улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэдлэг, чадвар бүхий мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, хүний нөөцийн бүрдүүлэлт сайжруулах зорилгоор Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Геологи Уул уурхайн сургуультай хамтран ажиллахаар боллоо. Монгол Улсын Уул уурхайн салбарын өнөөгийн хөгжил дэвшилд нөлөөлөхүйц үйл ажиллагааг хамтран санаачлан хэрэгжүүлэх, түүндээ оюутан сурагчид, төгсөгчдийг идэвхтэй хамруулах ажлыг төлөвлөн зохион байгуулж, бакалавр, магистрын төвшний оюутнуудад зориулан зохион байгуулагддаг эрдэм шинжилгээний хурал, сургалт семинар, олимпиадыг дэмжих, төгсөх ангийн оюутнуудыг дадлага хийлгэх боломжоор хангах, хүртээмж болгох материаллаг баазаар хангах, геологи, уул уурхайн сургуулийн залуу багш нарыг мэргэжлийн дадлага хийлгэх, дэмжих зэрэг хэд хэдэн чиглэлээр хамтран ажиллахаар “Монголросцветмет” ТӨҮГ-ын Захирал Б.Мөнхбат, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Геологи Уул уурхайн сургуулийн захирал К.Хавалболот нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.