Монгол Улсын Засгийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран 21 дэхь жилдээ Монгол улсын ТОП-100 аж ахуйн нэгжүүдийг эрэмбэлэн өргөмжиллөө.
“Монголросцветмет” ТӨҮГ нь КОВИД-19 цар тахлын хүнд хэцүү үед үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж 2021 онд татвар, нийгмийн даатгалын шимтгэл хэлбэрээр улсын төсөвт нийтдээ 117,1 тэрбум төгрөг төвлөрүүлж, 85,8 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан төдийгүй 2020 оны үзүүлэлтээ даруй 9 байраар ахиулж Монгол Улсын ТОП 100 ААН-ийн 15 дугаарт шалгарлаа.
2021 онд “Монголросцветмет” ТӨҮГ нийт 71,067 мянган тонн жоншны хүдэр олборлож, 48,668 мянган тонныг боловсруулж, 10,291 тонн ФФ-95, ФК-75 маркийн баяжмал үйлдвэрлэсэн.
Мөн түүнчлэн 2339,138 мянган тонн төмрийн хүдэр олборлож, 1,530.354 мянган тонн төмрийн хүдэр боловсруулж, Fe-52 маркийн хуурай баяжмал 458,629 мянган тонн, Fe-65 маркийн нойтон баяжмал 213,914 мянган тонныг тус тус үйлдвэрлэсэн.
ТОП-100 ААН-ийг эрэмбэлэхдээ Сангийн яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний статистикийн хорооны албан ёсны мэдээ, тайлан, тоон үзүүлэлтэд тулгуурлан ААН-ийн тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ гэсэн үндсэн 5 үзүүлэлтэд тулгуурлан шалгаруулдаг уламжлалтай.
Хөгжилд тэмүүлж, амжилтаа ахиулсан “Монголросцветмет” ТӨҮГ-ын нийт хамт олондоо талархал илэрхийлье.